I Love you, LIFE!

Сайн уу, миний амьдралын бяцхан тэмдэглэл минь!

9 жил хамтдаа сайндаж, муудаж явсаар ирсэн байна. Хамгийн сүүлд 1 жил нэлээд гарны өмнө чамдаа сэтгэлээ уудлаад явжээ. Монголд бараг л 1 жил амьдарчихаад буцаад Шведдээ хүрээд ирлээ. Миний амьдралд тохиолдсон хамгийн сургамжтай мөн дурсамжтай 1 жил байлаа.
Юу болсон тухай гэхээс илүү юу ойлгосон тухайгаа мөн юуг ойлгох гэж хичээж яваа тухайгаа чамд бичиж үлдээе.

-Хүн өөрийн үзээгүй амьдарлыг хэзээ ч үзчихсэн мэт ам гарч болохгүй!  
Тиймээ, хүн хүнд асуудлаа ярихад нь аятайхан зөвлөгөө өгчих санаатай сайхан зүйлс ярьдаг нь үнэн. Гэхдээ зарим үед, зарим хүмүүс зөвлөгөө авах гэж биш зүгээр л сонсгох гэж ярьдаг юм. Тэгэхээр өөрийн туулж үзээгүй юуг ч хүнд битгий зөвлөж байгаарай!

-Ямар ч сайн хүн муу болж болдог. Энэ бол зөвхөн нөхцөл байдал, тухайн үеийн тохироодоо л байгаа юм.
Хэн нэгэн хэзээ нэгэн цагт яаж ч өөрчилөгдөж болох тул эцэг эх чинь биш л бол өөр нэгэнд хэт найдах хэрэг үгүй. Өөртөө л найдаж, өөртөө л итгэж явах чинь бас л сайхан шүү дээ.

-Амьдралд хэн нэгэнтэй нэг л удаа тааралдаад өнгөрч болох ч, нэлээн хэдэн удаа ч бас тааралдаж болох л асуудал. 
Эргээд уулзах нэртэй, нүүртэй амьдарна гэдэг утга ёсоороо нэртэй, төртэй амьдрах гэдэг нь байх даа.

-Хүн өөртөө зөөлөн, бусдад уужуу байх хэрэгтэй! 
Чи өөрөө өөрийгөө дотроосоо хэмлээд байвал хэн ч чамайг гаднаас чинь идэх боломжтой юм. Сэтгэлийн хат, алсын хараа, холын зорилгоо үргэлж санан үйлдэл бүртээ шингээж явах нь утгаараа уушиг тэнүүн, цээж тэнэгэр алхаж явдаг нэгнийг бүтээх бизээ.

-Амьдралд хайртай бай! Алдаандаа бүүр илүү хайртай бай!
Хүн бүр алддаг. Гэхдээ энэ үгээр буруу хийсэн үйлдэл бүрээ өмөөрч, өөртөө хир халдаахгүй тэнэгэрч амьдарч болохгүй. Зүгээр л, өнгөрсөндөө алдсан бүхэн чинь өнөөдрийн чамайг бүтээсэнд баярлаж явах хэрэгтэй.

-Тайвшир! 
Юу ч болж байсан дэлхий сөнөөд, тэнгэр нурчихгүй л бол тайвшир.

-Чи ганцаараа байж сурсан уу? Хэрвээ сураагүй байвал усан толгой шүү... 
Хүн бүр ганцаараа байж, өөрөө өөртэйгөө цагийг маш удаанаар аз жаргалтай өнгөрөөж чаддаг байх ёстой юм. Бүүр ёстой шүү! Учир нь чи энэ хорвоод ганцаараа ирсэн мөн ганцаараа л буцна.

-Хүмүүст таалагдах уу?
Тиймээ, өсвөр насандаа WHO CARES гэдэг уриатай байсан ч яг бодит байдал дээр үнэхээр тийм байж чаддаг байсан уу гэвэл ҮГҮЙ юм. Гэхдээ амьдрал хүнд сурах ёстойг нь сургаж өгдөг тул одоо уриа үгээ 95% үнэнээр нь хэлдэг болсон шүү.

-Эмзэг бай!
Хүн бүр өөрийгөө гомдчихвий, шархалчихвий, зовчихвий, уйлчихвий гэх мэт маш олон сэтгэлийн шархаас хамгаалж байгаа нэрийдлээр хайрцаглаж байдаг. Тиймээ, хэн зовохыг хүсэх вэ дээ. Гэхдээ тийм байсан ч өөрийн мэдрэмжиндээ үнэнч бай. Тэгээд тэр мэдрэмжээ хүнд хэлж бай, хуваалцаж бай. Яагаад гэвэл ойлгох хүн нь ойлгоод, ойлгохгүй хүмүүс нь эртхэн амьдралаас чинь яваад өгөх болохоор..

-Бусдыг уучил!
Өөрийгөө бодсондоо уучил. Сахиусан тэнгэр болох гээд байгаадаа уучилах юм биш. Өөрийгөө 1 хором ч битгий бусдын буруу үйлдэл, үгний төлөө шаналга гэсэн үг. Хорыг хор нэрсэн хүнд нь л уулга гэсэн санаа..

-Сайлж л байдаг, муулж л байдаг хорвоо!
Хорвоодоо ч юм уу, хүмүүсдээ ч юм уу мэдэхгүй л дээ. Гэхдээ яригдахгүй амьдарч байвал та өөрийгөө урсгал голын үхсэн загас гэж бод гэдэг үг байдаг байхаа.

-Сул талаа ч мэддэг, давуу талаа ч мэддэг бай!
Сул талаа мэддэг хүн, давуу талаа мэддэг хүнээс хэд дахин илүү хүчтэй байдаг гэж би үздэг. Сул талаа мэдэхгүй, мэдсэн ч хүлээн зөвшөөрөх гэж сэтгэлзүйтэйгээ ноцолдож байх хооронд маш их цаг хугацаа, боломжийг алдсан байдаг. Тэгэхээр гялсхан шиг хүлээн зөвшөөрөөд, хурдхан шиг мориндоо мордсон нь дээр.. Тийм ч учираас өөрөө өөрийгөө бүх талаараа хүлээн зөвшөөрсөн хүн ямар хүчирхэг байдаг гэж санана!

-Юунд ач холбогдол өгнө түүнд энерги их зарцуулагддаг.
Хүн бүрт хязгаарлагдмал энерги заяагдсан байдаг тул бодлоор дамжигдаж маш их энерги хүн өөрийн мэдэлгүй алдаж байдаг. Бодол бол зүгээр нэг бодол юм. Гэхдээ тэр бодолдоо хэр их ач холбогдол өгч, хэр удаан хугацаагаар нэг зүйлээ бодно тэр нь биелдэг л хорвоо. Тэгэхээр сайн ч байсан, муу ч байсан юунд ач холбогдол их өгч байна гэдгээ анзаараад, энергээ өөрт хэрэггүй зүйлсээс хямгадаж байгаарай!

The last words:
Хорвоо дэлхий уудам, хүмүүн бид чинь бичкэн шүү дээ.  Хорвоо дэлхийн хажууд өөрийнхөө өчүүхэн гэдгийг үргэлж санаж яваарай! Амжилт ^__^

Comments

Popular Posts