My life's journey

Эргээд харахаар кино хийчихмээр адал явдалтай амьдарсан байна билээ. Хэцүү зүйлс тохиох бүрт хэсэг гунихарч аваад цааш алхалдаг өөрийнхөө түүхийг бичмээр санагдав.
2007 онд анх 160см өндөртэй, нүүрээ будна гэж мэддэггүй, даруухан дуулгавартай, амнаас нь үг цөөхөн гардаг, аймхай бас өөртөө итгэл муутай өсвөр насны охин Швед гэдэг Европын улсад ээжтэйгээ хамт амьдрах гээд ирж билээ. Гадаадад л гарчих юм бол амьдрал сайхан болчихно гэсэн сэтгэлгээтэй, догдлол бас айдас хүйдэстэй онгоцны буудал дээр бууж байсан санаанаас гардаггүй юм. Олон ч улсаар дамжиж ирсэн, тэр дундаа солонгос улсын онгоцны буудал дээр анх удаа бургер идэж үзэж билээ. Их л гоё амттай санагдаж бас ахиад идмээр байснаа л санаад байдаг юм.
Ээжээсээ хол 4,5 жил байсан би бээр онгоцны буудал дээр ээжтэйгээ уулзахдаа их л бишүүрхэж байсан юмдаг. Зөндөө санасан хэрнээ тэрийгээ илэрхийлж чадахгүй, яаж илэрхийлэх учираа ч олохгүй хэдэн 7 хоног явсан.
Ирээд удаагүй байтал цагаачаар орох болсон юм. Цагаачлалын алба гэж юу байдгийг ч мэдэхгүй дагаад л нэг газар очисон. Зааж өгсөн түүхийг нь яриад л, дуусчихвал гэртээ харина даа гэсэн шүү юм бодоод байж байтал намайг ганцааранг маань тусд нь өрөөнд аваад үлдчихсэн. Айх, гайхах зэрэгцээд байж байтал нэг орчуулагч эгч ирээд намайг Шведэд байдаг ганцаараа цагаачилж ирсэн хүүхдүүдийн түр байрлах байрлуу явна гэдэг юм байна. Би ч айсандаа уйлаад эхлэв, цагаачлалын албаны ажилчид амьхандаа л намайг аргадаад байгаа бололтой, би ямар хэлийг нь ойлгох биш, хүний наймаанд явах гэж байгаа хүн шиг л хаачих, яахаа мэдэхгүй уйлаад л байж билээ.Таксинд суулгаад нэг газар аваачсан юм. Тэр газар нь анх удаа өнгөт арьстай хүүхдүүдийг маш олон тоогоор харж билээ, хараад зогсохгүй бүүр хамт нэг өрөөнд амьдарч үзсэн юм. Өглөө, өдөр, оройн хоолтой бас тохилог өрөө, тоглоомын өрөө гээд их л гоё газар байсан санагддаг юм. Яг л хүүхдүүд бөөнөөрөө амьдрахад зориулж тохижуулагдсан их том нийтийн байр. Очоод яахаа мэдэхгүй, хэл мэдэхгүй, юу ч мэдэхгүй чимээгүй л суугаад байдаг байж билээ. Юу л бодож суудаг байсан юм бол доо!
Аз болж ээжийн гэртэй тэр байгууллага нь ойрхон байсан болхоор өдөр болгон очидог байж билээ. Өглөө гараад орой орж ирж хонодог байсан даа тэр газар.
14 хоног өнгөрсөн юмдаг. Нэг өрөөнд оруулаад суулгаж байна. Утсаар орчуулагч захиалсан байсан, гайхаад сууж байтал намайг өөр хотруу явна гэв. Би ч тэрийг нь сонсоод ахиад л айж, гайхсандаа уйлаад л эхлэв. Бодвол хүний газар хэл мэдэхгүй, юу ч мэдэхгүй байгаагаасаа л айдаг байсан байх даа. Тэгээд тэр өдөртөө шууд машинаар явлаа. Манай байранд байсан Эритреан-с ирсэн охин бид 2-г хамт аваад явж байна. Юу болох яах гээд байгаагаа бас л ойлгохгүй дагаад л явав. Тэгсэн 2 давхар house-н гадаа ирээд зогсов. Дотроос нь 2 охинтой гэр бүл гараад ирэв. Юун хүмүүс юм бол гэж гайхсан хэрнээ дагуулж явсан хүмүүсээ дагаад дотогш орлоо. Тэгсэн нэг өрөөг үзүүлж байна. Хамт байранд байсан охин бид 2 тэр өрөөнд амьдрах юм байх. Ингээд л бид 2-г дагуулж явсан хүмүүс маань буцан танихгүй айлд, танихгүй хотод амьдрахаар үлдсэн юм даа.
Өрөөний маань охин дажгүй англи хэлтэй, нэрийг нь ЛИЛИ гэдэг. Лили их эелдэг бас надаас 2 насаар эгч. Миний энэ хорвоо дэлхий дээрх хамгийн анхны харь улсын эгч минь болсон юм. Лили-н англи хэлээр анх хэлд орж билээ. Надад хичээнгүйгээр бүх зүйлрүү заагаад л, нэрийг нь хэлээд зааж өгдөг байсан. Эхэндээ ч толгой дохихоос өөр зүйлгүй байсан бол сүүлдээ хариулдаг болж ирсэн. Сүүлдээ ярьдаг болж эхэлсэн. Удаагүй байж байтал хичээл эхлэх болов. Бид 2 нэг сургуулийн нэг ангид орсон юм. Шведэд ирээд удаагүй байгаа хүүхдүүдийн явдаг хэлний бэлтгэлийн ангид хамтдаа явж эхэлсэн. Хэлээ сураад, найзуудтай болоод, амьдарч байсан гэр бүлдээ ч дасаад овоо нэг юм дардан амьдарч байсан ¨ миний цагаачийн хариу татгалзсан¨ юм. Намайг цагдаа нар гэрээс ирж аван, онгоцны буудал дээр аваачин Монголруу явуулна гэж сонсов. Тэгсэн шууд л зугтах санаа орж ирэн, өвлийн нэгэн өглөө бие өвдөөд байна гээд хичээлдээ явахгүй ганцаараа гэртээ үлдэв. Өмнөх орой нь Лилитэй хамт хамаг хувцасаа бэлдчихсэн байсан болохоор гэрийхэн бүгд явахад босоод шууд төв хот болох Стокхолм-руу явж билээ.
Ингээд л чёв чёрны болсон юм даа...
Өвөл байсан болохоор, дээрээс нь бичиг баримтгүй байсан болохоор хэсэгтээ сургуульд сурж чадаагүй, завсардсан. Стокхолм-д найз нөхөд байхгүй, гэрээс гардаггүй гэрийн буг болсон доо. Гэхдээ их зүйл сурах гэж хичээдэг гэрийн буг байж билээ. Манай гэрт азаар компютер байсан юм. Өдөржин шөнөжин суудаг, блог бичиж эхлээд, гитар тоглож сурах гэж их оролддог, бүүр дуу хүртэл бичдэг програм татаад найзуудтайгаа реп үглэнэ л гэнэ шүү. Ээжээсээ гуйж байгаад дуу бичдэг микрофон авахуулж билээ, компютер-ээ жижигхэн хувцасны өрөөндөө байрлуулж байгаад өөрийн гэсэн дуу бичлэгийн студитэй ч болж билээ. Тэр үед HI5 гэж байсан. Профайл-аа янз янзаар их гоё янзалнаа бас. Өөрийнхөө блогийг хүртэл янз янзаар их гоё чамин болгодог байсан юмдаг.
За тэгээд өвлөөс зун болсон юм. Сургуульд явж оров. Сургуульдаа явж байх хугацаандаа найз залуутай болсон юм. Эсрэг хүйстэй хүнтэйгээ анх удаа болзож үзээд, тэгээд болзсоор байгаад үерхэж байсан юм даа. Өөр хүн амьтантай уулзаж, учир начираа мэддэг болчихоод, хүн таньдаг болчихоод хүн амьтантай үерхээрэй! гэж өсвөр насны охидод зөвлөмөөр байдаг юм.
Хэлний бэлтгэлээ төгсөөд, энгийн ангидаа орох гээд овоо дардан амьдарч байтал бас бичиг баримтны асуудал гарч ирсэн. Ээжийгээ дагалдан ажлын гэрээнд нь хамрагдаж бичиг баримттай болох гэсэн бүтэлгүйтэв. Заавал Монгол явж, Монголоос бичиг баримтаа хүсэх болов. Монголд очоод 1 жил болоод ирсэн юм.
Овоо хэдэн жил Шведэд амьдарчихсан байсан болохоор Монгол тэр үед өөр харагдаж билээ. 1 жил болно гэж хэн яаж таах вэ дээ. Удахгүй гэсэн найдлага тээсээр яг 1 жил болоод буцаад Шведэд ирж билээ. Загварын дугуйланд яваад, загвар өмсдөг баатар болох гэж үзсээн үзсэн. Гэхдээ арай л намдсан даа, хөөрхий..
За тэгээд буцаж ирээд хэсэгтээ бичиг баримттай, хичээл сургуультай сайхан л байсан. Бас янз бүрийн ажил хийж үзээд, янз бүрийн хүмүүсийн дунд орж үзээд, янз бүрийн хүмүүстэй танилцаад үзэх юмаа л үзэж явсан.
Тэгсэн нэг өдөр ээж маань гоо сайхны салон нээхээр болсон юм. Урсгалдаа орчихсон явж буйгаа ч анзаархаа байсан надад хариуцлага ороод ирсэн юм. Хүмүүстэй харилцах, ийш тийшээ залгах, ярих эсвэл хамтарч ажиллах гээд бүх л зүйлийг нь хариуцаж эхлэв. Яг энэ үеэс шведэд яаж компани байгуулах талаар, яаж үйл ажиллагаагаа явуулах талаар, ямар ямар дүрэм журам байдаг талаар уншиж эхэлсэн юм. Овоо дажгүй мэдлэгтэй болсоор л байв. Хүн өөрөө хүсвэл юуг ч сурч мэдэж болно гэдэг үнэн үг шүү!
Ерөнхий мэдлэгтэй болоод байж байтал орчуулагч хийхээр болов. Орчуулагчийн курс-д суугаад, орчуулагчаар ажиллаж эхлэвээ.. Эхэндээ ч сандраад, би чи бид болгож яриад, их л будилдаг байж билээ. Хэд хэдэн орчуулга хийсний дараагаас тайвширч, дажгүй сайн орчуулчихдаг болсон юм.
Орчуулагч болсон минь миний амьдралын зөв шийдвэрүүдийн нэг байсан гэдэгт би итгэдэг. Орчуулга хийхийнхээ өмнө үргэлж бэлдэнэ бас мэдэхгүй үгээ орчуулна, мэдэхгүй зүйлсээ уншиж судална. Маш хариуцлагатай мэргэжил бас маш олон хүмүүст давхар тус болж байгаа мэргэжил гэж би үздэг.
Орчуулгаа хийж байхдаа LEVEL UP хийхээр шийдсэн юм. Өөрийн гэсэн хуулийн зөвлөгөө өгдөг байгууллага нээе гэсэн зориг төрсөн юм даа. Мэдлэг дутуу, хэл байхгүй, айсан эргэлзсэн амьдрах ямар байдгийг мэддэг болохоор яг тийм байдалд байгаа хүмүүст сурсан жаахан хэл, жаахан мэдлэгээрээ тус больё гэж шийдсэн юм. Одоо бодоход бас л залуу насны зориг байгаа юм шүү!
Нацу гэдэг нэрийг сонгон компанидаа өгсөн юм. Энэ нь японоор ЗУН гэсэн үг юм. Би өөрөө зун төрсөн бас зуны улиралд хамгийн дуртай учраас ингээд нэрийдчихэв. За тэгээд бүх л зүйлээ гараараа хийж, ээжийн салоны нэг өрөөг оффисоо болгон эхэлсэн юм даа.
Амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн шийдвэр минь болсон юм. Маш их зүйлийг богинохон хугацаанд сурч авсан. Энэ нь онолын болон амьдарлын туршлага байсан юм. Эргээд харахад баялаг амьдралтай, ярих сэдэвтэй байх сайхан шүү..
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ....  TO BE CONTINUED.......

Comments

Popular Posts