Юу ч бичээд байгаа юм!!

Хүн болж төрсөний үндсэн нэг чанар бол хайрлах ба хайрлагдах мэдрэмж авах юм. Хүн өөрийгөө аюулгүй, тайван орчинд байна гэдгээ хайраас авдаг нь гайхалтай чанар. Бид бүгдээрээ хэн нэгэнд хайрлагдах гэж хүсдэг эсвэл хайрлагдаж байгаагаа үргэлж мэдрэх гэж хичээдэг. Зөвхөн өөрийгөө бодож болохгүй тул давхар хэрхэн хүнийг хайрлах тал дээрээ ч анхаарлаа хандуулдаг.
Надад энэ хорвоо дэлхий дээрх хамгийн гунигтай санагддаг зүйл бол хүн бүр адилхан хайрлагдах хэрэгцээтэй байдаг хэрнээ хоосон хөндий, гуниг гутралд автаж хэнд ч мэдэгдэхгүйгээр шаналж явдаг нь. Хэн ч толгой нь бодлуудаар дүүрэн, сэтгэл нь хий хоосон цөхрөл гутралаар дүүрэн байгааг ил тодоор орилж хашгираад, хэнд ч хамаагүй хэлээд явахгүй нь мэдээж. Тиймдээ ч дутуугын зовлонд нэрвэгдсэн хүмүүст тэрийгээ олж харах тэнхэл ховорхон тохиодог нь харамсалтай.
Харанхуй сүүдэрт удах тусам гэрэлрүү харах хүсэлгүй болдог гэдгийг олон хүн ойлгох хэрэгтэй. Гэхдээ гэрэл өөрөө заримдаа хэн нэгний инээмсэглэл, хэн нэгний хэлсэн үгс, хэн нэгний харсан харцнаас мэдрэгдээд хүрээд ирдэг нь сайхан. Гуниглаж яваа нэгэнд хий хоосон магтаал сайшаал биш, хэрхэн өөртэйгөө тулалдахгүйгээр хүлцэнгүй байж сурах талаар сургах хэрэгтэй. Гутарч яваа нэгэнд харин урмын үг шидээд, уушгыг нь бяцартал тэврэх хэрэгтэй. Хайрын хэрэгцээ нь нэг ч, хайрлагдах мэдрэмж авах арга нь өөр өөр байдаг юм шүү.
Яагаад харанхуйд бид илүү их бодолд автаж, ургуулан бодож, төсөөлөн хөвдөг вэ? Яагаад гэгээтэйд бид инээмсэглэн алхаж, эрхэмсэг оршидог вэ? Гэхдээ гэрэл сүүдрийн ялгаа зөвхөн бидний харах өнцөгт л байгаа юм. Бид шинэхэн дурласан байхдаа харанхуйг гэрэлтүүлэх хүчээ өөрсдөөсөө цацруулан, хайран дунд умбаж алхадагтай адил. Бид харах өнцгөө өөрчилөөд, хайрлан нигүүлсэхээ ихэсгэвэл бусдын үг үйлдлээс болж гомдож, гутран суух хүний тоо хамаагүй бага байх байсан даа гэж хааяадаа боддог юм.
Олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа мэдээллүүдийг хараад ХҮН ГЭДЭГ ХҮНЭЭ БАЙЖЭЭ гэж бодогдох үе бий. Гэхдээ тэр араатан шиг аягласан хүний ард асар олон зовлон бэрхшээл, дутуугын гутрал байсан байх. Хангалттай хайрлагдаж өсөөгүй, хангалттай үнэлэгдэж өсөөгүй, өөрийг нь үзэн яддаг мэт санагдах орчинд өссөн хүн хэрхэн яаж сайн иргэн байх билээ? Иргэн хүний үүргээ эцэг эх нь эхлээд сайн биелүүлэх ёстой байсан юм л гэж бодогддог юм. За тэр ч яахав?!
Хэлэх гээд байгаа гол санаа минь гэвэл хэн, юуг туулж явааг хэзээ ч бид нар мэдэх боломжгүй байдаг тул хэлэх гэснээ цэгнэж, харах гэснээ азнаарай гэх гэсэн санаа.!!
Хүн хүндээ халтай амьдрах шиг хогын амьдрал байхгүй шүү дээ.

Comments

Popular Posts