Хүрздэх!
Хүрз аваад ухаж гарах уу? Ухахдаа өөрийгөө, өөрийнхөө доторхыг ухаж эхлье л дээ. Миний дотор хэн байна? Тэр хүн маань өөртөө хайртай, өөртөө сэтгэл хангалуун байж чадаж байна уу? Өөрийгөө голж шилж, гоочилж байгаа юм биш биз? Өрөөлтэй харьцуулаад гуниж, гутарч алхлана уу? Юу бодож амьдарч байна? Юуг хүсээд байна? Юутай болмоор байна? Яаамаар байна?
Энэ бүх л асуултуудын хариуг олон олтлоо хүрздэх үү? Хэр гүн нүх ухаж чадна төдий чинээгээрээ нүхээ шинэчлэл, хүсэл зорилго, мөрөөдлөөрөө дүүргэх үү? Сайн сайхнаар дүүрсэн нүхээ саар зүйлс чихэж орох завсар зайгүй болтол нь байлгах уу?
Бусдын бурууг биш өөрийн бурууг олж харцгаах уу? Бусдын хэлсэн шүүмжийг шүүмж болгож өөрийгөө засах гэж хичээх үү?
Бусдын толгой дээрх өөг өөнтөглөж суухаар, өөрийн толгой дээрх өвсийг нэг хадсан нь дээр биш үү?
Хүн бүрт хэлэх үг бий, бодсон бодол бий бас ярих сэдэв ч бий!
Comments
Post a Comment