Өглөөний хүн - Сайшо Хироши
Хүний амьдралд хүчтэй нөлөөлж чаддаг хэдхэн ном байдаг гэж би боддог. Тэр нь хүн бүрт өөр өөр ном байх ч зарим тохиолдолд нэг ном байх нь олон. Миний хувьд Өглөөний хүн гэх энэ номыг уншснаар өөрийн өглөөний цаг хугацааг үр дүнгүй өнгөрөөдөг байсан гэдгээ улам ихээр ойлгож авч байна. Би гэдэг хүн нь нойр сайтай болохоор болж л өгвөл унтаж амарч, боломж л гарвал илүү цаг унтчих хүсэлтэй байгаад байдаг юм. Гэхдээ энэ номыг уншиж эхэлснээс хойш унтаж өнгөрөөсөн цаг хугацаа бүртээ харамсаж сууна. Гэхдээ нас залуу, цус шингэн дээрээ энэ номыг олж уншсандаа маш их баяртай байна!
За тэгэхээр энэ ном юуны тухай вэ гэвэл хэрхэн өөрийн өглөөг үр бүтээлтэй болгох мөн хэрхэн өглөөний цагыг зөв зохистой ашиглах талаар юм. Зөвхөн өглөө босоход л болно гэдэг бол ташаа ойлголт! Нойроо сайн авч чадаагүй хүн нойртойгоо тэмцэн байж, өөрийгөө зовоон байж өглөө босох хэрэггүй гэж би ойлгосон. Учир нь хэн ч 2,3хан цаг унтчихаад Би өглөөний хүн болох ёстой гэж сэрэх утгагүй юм. Амарч чадаагүй сульдсан бие, манарсан нойрмог байдал хэнийг ч үр бүтээлтэй өглөөг өнгөрөөхөд тус дэм болохгүй юм. Харин ч бүүр урам зоригийг нь хугалаад, дараа өдөр нь сэрэх тэнхэлгүй болгоно.
Тэгэхээр өглөө эрт босохын тулд орой эрт унтах хэрэгтэй юм гэнэ. Хүний бие шөнө 11-05 цагын хооронд хамгийн чанартай нойрыг авдаг ба орой эрт 9,10н үед нойрсож чадаагүй юмаа гэхэд ядаж 11н цагт унтсан байх хэрэгтэй байдаг байна. Харин өглөө 5н цагаас сэрэх нь хамгийн зөв цаг ба хүний оюун ухаан, бие мах бодь хамгийн сэргэг үе дээрээ байдаг гэнэ. Хүн бүрийн нойрны хангамж харилцан адилгүй ба тухайн цаг хугацааг хүн өөрөө олж мэдэн ашиглах боломжтой юм. Жишээ нь: 8н цаг унтаад нойр нь хандаг хүн өглөө 5н цагт босохын тулд орой 9н цагт унтах ёстой гэсэн үг.
Хамгийн чухал нь хангалттай нойроо авч чадсан хүн өглөөг хамгийн үр дүнтэй өнгөрөөх боломжтой юм.
Мөн өглөөний 1 цаг өдрийн 3н цагтай тэнцдэг байна. Тархи сэргэг байх өглөө оюун ухааны хүч шаардсан зүйлсийг хийхэд хамгийн үр өгөөжтэй байдаг гэнэ. Тийм ч учираас өдөрийн 3 цаг өглөөний 1 цагтай тэнцдэгээ гэсэн хэллэг бий болсон байна.
Өглөөний хүн болоход зөвхөн өглөө босоод л болчихдог зүйл биш юм. Өглөөний цай, өглөөний дасгал, өглөөний хийх ажлууд ч энэнд багтана.
Өглөө эрт босдог хүмүүс эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны байдал мөн ажил албан дээрээ ч амжилттай, эмх цэгцтэй байдаг гэнэ. Учир нь тэдэнд өдрийн бэлтгэлээ хийх хангалттай их өглөөний цаг байсан тул сандарч тэвдсэн, ундуй сундуй ажилдаа хоцорч ирэх эсвэл дутуу гүйцэтгэсэн ажил гэх мэт асуудлууд тулгардаггүй байна.
Үнэтэй цаг хугацаагаа бид маш их хэрэггүй зүйлсд зарцуулдаг юм байна гэдгийг л өдрөөс өдөрт ухаарч, цагандаа харамч болж эхэлж байна шүү!
Comments
Post a Comment