Мөрөөдлийг биелүүлэх тэмдэглэл
Тэмдэглэл шиг аугаа, аймшигтай зүйл гэж үгүй... Миний найз Хисүид тохиолдсон явдлыг өгүүлье. Тэр өдөр хэдэн найзууд цуглан нэгэн уушийн газар сууцгааж байлаа. Тэгтэл Сүгано ууж байгаад гэнэт ингэж хэллээ.「Энд дэвтэр байна. Үүн дээр 1 жилийн дараах энэ өдөр ийм болчихсон байвал сайхансан гэж бодсон мөрөөдлөө бүгдээрээ бичье. Тэр мөрөөдлийг нь бусад нь магтацгаана шүү. Тэгээд 1 жилийн дараа дахин энд уулзацгаая」 гэв.
Бүгд л 「Юу? Юу гэнээ?」 гэцгээн бие биенээ харцгаалаа. Харин Сүгано л шаргуухан бичицгээе бичицгээе гэж хөгжилтэй нь аргагүй хашхирч байсан тул бүгд бичихээр боллоо. Сүгано тэр үед интернэттэй холбоотой цагийн ажил хийдэг байсан ба сарын орлого нь 200 гаран мянган иен. Тэгсэн мөртлөө дэвтэр дээр юу гэж бичсэн байсан гээч. 100 сая иений жилийн орлоготой Сүгано байна. Баярлалаа
Юуны чин 100 сая. Баярлалаа байхдаа ч яахав дээ гэж бодлоо. Гэхдээ бүгдээрээ 「Чи үүнийг чаднаа」 гэж хэлэх дүрэмтэй байсан болохоор би ч гэсэн бусадтайгаа нийлэн хашхирлаа. Тэгээд миний ээлж ирлээ. Яагаад ч юм бест селлерийн зохиолч байна гээд биччихлээ. Тэгтэл Сүгано чанга дуугаар 「Чи үүнийг чаднаа」 гэж хашхирлаа. Бүгд л хашхирцгааж их хөгжилтэй байлаа. Сүгано бүүр согтоод хажуугийн ширээнд сууж байсан өвөө нар дээр очоод мөрийг нь алгадан 「Чи чаднаа」 гэж орилж байлаа. Түүний өмнөөс ичиж үхэхээ шахав.
Нэг жилийн дараа миний орчуулсан 「3 секундэд аз жаргалтай болгох онч мэргэн үгс」 зохиол маань худалдаанд гарч бест селлер боллоо. Анхны ном минь бест селлер болно гэж... Дэвтэр дээр бичсэн миний мөрөөдөл биелсэн юм.
Зөвхөн түүгээр ч зогссонгүй. Сүгано ч гэсэн ном гаргахаар шийджээ. 「Цагт 800 иений цалинтай ажилчин 207 хоногт 120 сая иенийн орлоготой болох хамгийн амархан арга」
Мэйл л явуулах хэмжээний мэдлэгтэй хүн интернэтийн бизнес эхэлж түүгээр ч барахгүй жилийн орлого нь 100 сая иен боллоо.
Үнэндээ тэр үед дэвтэр дээр бичсэн бүх хүний мөрөөдөл биелсэн юм.
Дэвтэр дээр бичих нь яагаад сайн гэж? Дэвтэр дээр бичиж байгаа нь таны мөрөөдөл тодорхой болж байгаагийн баримт юм. Түүгээр ч барахгүй бичсэн зүйлийг тань биелүүлэхийн тулд далд ухамсарын хүч ажиллаж эхэлдэг юм.
Мөн мөрөөдлөө үзэгээр бичих нь илүү үр дүнтэй байдаг. Гар бичмэл нь тэр хүний зан чанарыг илэрхийлдэг гэж ярьдаг шиг, гар бичмэл нь тухайн хүнийг төлөөлдөг юм. Үсгийн хэлбэр, даралт зэрэг нь тодорхой зүйлийг илэрхийдэг учир ухаан санаагаа төвлөрүүлж байгаад мөрөөдлөө бичих нь тухайн хүнийг мөрөөдөлтэй нь нийлүүлж байгаа үйл явц юм. Мөрөөдөл нь тухайн хүнээс салалгүй нэгэн бие болчихвол мөрөөдөл биелдэг юм.
Цаасан дээр мөрөөдлөө бичих нь бурханд хүсэл мөрөөдлөө дамжуулах хэлбэр юм.
Comments
Post a Comment