Алсад одох юмсан (шүлэг)
Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан
Алаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан
Амьдралын утга учрыг ханатал мэдрэх юмсан
Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан
Агуйд амьдараад, аажмаар нар шингэж мандахыг үзэхсэн
Адуу мал, аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан
Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан
Ганц чулуу, газрын амьсгалыг сонсох юмсан
Гайхамшигт урлан мэт зэрэглээнд уусан шингэх юмсан
Газарт буусан солонгон доор зогсож гэрэлтэх юмсан
Гараар бүтээгдээгүй гайхамшигт байгалаараа бахдаж нэг үзэхсэн
Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах юмсан
Цэнхэр тэнгэрийг үргэлж ширтсээр тийм уужим болохсон
Цээжин дотор амьдарч, тийм анхилам байхсан
Цэлгэр уудам амьдралыг сансанаараа нэг мэдрэхсэн
Сарны гэрэлд шүлэг бичих юмсан
Саргүй шөнийн тэнгэрийн ажиглах юмсан
Санаа алдан хажууд өвс хөдлөхийг сонортох юмсан
Сэрэмгүй ийм орчинд амьдарч нэг үзэхсэн
Цэвэр ариун зүүд шиг ийм ертөнцөд хэрвээ байдаг бол
Цагаан сэтгэл, хүн чанартайгаа би очно
Үнэт эдлэл, өмч хөрөнгө тэнд хэрэггүй
Өр зүрхний шинэчлэл өөрийгөө мартаад би очно
Сүүдэр ч тусдаггүй тийм орчин хэрвээ байдаг бол
Сүүмгэр ертөнцийн хүн төрөлхтнөөс тасарч очих юмсан
Сар жилүүдийн уртад өөрийгөө л нэг олох юмсан
Аяа … алсад одох юмсан
Comments
Post a Comment